Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

90-ээс дээш хоногоор оршин суух үндэсний виз

нийтлэл

90-ээс дээш хоногоор Германд оршин суух зорилготой байна уу?  Германы их, дээд сургуульд сурах, Германд ажил хөдөлмөр эрхлэх, мэргэжлийн боловсрол эзэмших гэж байгаа бол эндээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Үндэсний визийн мэдүүлгэнд бэлдэх

Германд удаан хугацаагаар оршин суухаар төлөвлөж байгаа бол Та нэн даруй виз мэдүүлэхдээ бэлдэж эхлэх хэрэгтэй. Визийн мэдүүлгийг шийдвэрлэх нь хэдэн сараар үргэлжилж болно.

1. Үндэсний визийн мэдүүлгийн маягт бөглөх

VIDEX-үндэсний визийн мягт - бүрэн гүйцэд бөглөөд 1 хувь хэвлэж гаргана
 

PDF - Үндэсний визийн маягт - VIDEX маягтыг бөглөсөн бол шаардлагагүй
 

2. Ямар ч төрлийн үндэсний визийн мэдүүлгэнд дараах бичиг баримтыг заавал өгнө:
 

  • Бүрэн гүйцэд бөглөж гарын үсгээ зурсан үндэсний визийн мэдүүлгийн маягт 1 хувь. Маягтыг татаж авах 
  • Оршин суух тухай хуулийн 54.2.8 болон 53-р зүйлийн дагуух танилцуулга.
  • Биометрийн шаардлага хангасан, сүүлийн 6 сар дотор авахуулсан 35*45 мм хэмжээтэй цээж зураг 1 хувь.
  • Багадаа нэг жилийн хугацаанд хүчинтэй гадаад паспорт болон хувь хүний мэдээлэл бүхий нүүрнээс хийсэн хуулбар.
  • Монгол Улсад албан ёсоор оршин сууж буй гадаадын иргэн бол оршин суух үнэмлэхийн эх хувь болон хуулбар. Гадаад паспортын Монголд орж ирсэн тамгатай нүүрнээс хийсэн хуулбар.
  • Эрүүл мэндийн даатгал
    Герман улсад нэвтрэн орох өдрөөс эхлэх хүчинтэй эрүүл мэндийн даатгалыг визийн мэдүүлгэнд өгнө. Зарчмын хувьд эрүүл мэндийн даатгал нь визийн хүчинтэй хугацаатай адил хугацаатай байх ёстой. Германы төрийн эрүүл мэндийн даатгалд (gesetzliche Krankenversicherung) заавал хамрагдах нөхцөлтэй (жишээ нь: Германд хөдөлмөрийн харицаа эхлэх өдөр, гэр бүл дээрээ нүүж очих) бол даатгалын баримтаа визийн мэдүүлгэнд өгнө. Төрийн даатгал нь Германд оршин суух хаягийн бүртгэл хийлгэсний дараа хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ гэдгийг анхаарах нь зүйтэй. Ийм учраас Герман улс руу нэвтрэн орохдоо хувийн даатгалын компаниар (Incoming- Krankenversicherung) шенгений нутаг дэвсгэрт хүчинтэй, нөхөн төлбөрийн хэмжээ 30000€, COVID-19-р өвчилсөн тохиолдолд мөн үйлчлэх 90 хоногийн даатгал хийлгэнэ. 

Оршин суух зорилго

3. Визийн мэдүүлгэнд бүрдүүлэх бичиг Таны оршин суух гэж буй зорилгоос хамаарна. Түгээмэл зорилгуудад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг эндээс харж болно.
 

Их/Дээд сургуульд, Хэлний бэлтгэл, Коллежид сурах (Studium, Studienvorbereitung, Studienkolleg)

Хэлний курсэд сурах (Sprachkurs)

Хүүхэд асрагчаар ажиллах (Au-Pair)

Мэргэжлийн боловсрол эзэмших (Ausbildung)

Chancenkarte (Ажлын байр хайх)

Сайн дурын алба хаах  (Freiwilligendienst)

Эхнэр/Нөхөр рүүгээ нүүж очих

Мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэх, Мэдээллийн Технологийн салбарт ажиллах,  Blaue Karte EU​​​​​​​

Гэрлэлтээ / Хамтын амьдарлаа Германд албан ёсоор бүртгүүлж оршин суух

Насанд хүрээгүй хүүхэд эцэг эх рүүгээ нүүж очих

Дахин нэвтрэх (Wiedereinreise)
 

Таны визийн мэдүүлгийг эерэгээр эцэслэн шийдвэрлэхийн тулд бүрэн гүйцэд бүрдүүлсэн бичиг байх ёстой гэдгийг анхаарна уу. Бүрэн гүйцэд бус визийн мэдүүлэг өгөх нь татгалзсан шийдвэрт хүргэж болзошгүйг анхаарна уу. Журмын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлж өгсөн байсан ч ЭСЯ-ны зүгээс нэмэлт бичиг баримт, тайлбар өгөхийг шаардах эрхтэй.

Нислэгийн захиалгын хуудас визийн мэдүүлэгт хамт өгөх шаардлагагүй. Та визтэй паспортаа ЭСЯ-наас авч байж л тийзээ захиална уу.
 

Анхааруулга:
ЭСЯ-наас шаардаагүй байхад бичиг баримт нэмж өгөх, цахим шуудангаар элдэв тодруулга захидал илгээхгүй байхыг хүсч байна. Ялангуяа визээ хараахан мэдүүлж амжаагүй байгаа бол урьдчилан ямар нэгэн бичиг баримт, цахим захидал ЭСЯ-руу илгээх шаардлагагүй. Ийм төрлийн бичиг баримтыг хадгалах боломжгүй. Та цаг тохирсон өдрөө визийн мэдүүлгэнд шаардлагатай бичиг баримтаа жагсаалтын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө үү.

Цаг тохирох

Үндэсний визийн мэдүүлэг өгөх хүн бүр ЭСЯ-ны цахим хуудсаар орж заавал урьдчилан цаг тохирсон байх ёстой. Цаг тохирох бол Та энд дарна уу.

Сэрэмжлүүлэг: Визийн цаг зуучлагч гэх этгээдүүд

Үндэсний виз мэдүүлэх цаг тохироход ямар нэгэн зуучлагч агентлаг, гуравдагч этгээдээр дамжуулах шаардлагагүй. Ийм үйлчилгээ санал болгож буй этгээд, байгууллага нь ЭСЯ-ны цаг олгох системд нэвтрэх онцгой эрх байхгүй бөгөөд визийн мэдүүлгийг шалгах явцад ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй гэдгийг анхаарна уу. Тохирсон цагтаа биечлэн ирж визийн мэдүүлгээ өгсний дараа л ЭСЯ-нд визийн хураамж төлдөг.  Үндэсний визийн маягт, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт болон цаг тохирох нь үнэ төлбөргүй.

Танд хэн нэгэн төлбөртэй цаг тохирохыг санал болгож байгаа бол энэ талаар ЭСЯ-нд мэдэгдэж болно.

Виз мэдүүлэх

Виз мэдүүлэхийн тулд Та ЭСЯ-ны визийн хэлтэст тохирсон цагтаа биечлэн хоцролгүй ирнэ. Ирэхдээ цаг тохирсон тухай баталгаажсан И-Мэйлээ хэвлэж авчирна. Таны гадаад паспортын дугаар баталгаажсан И-Мэйл дээрх дугаартай таарч байх ёстой. Зөрүүтэй байх аваас Таныг ЭСЯ-руу нэвтрүүлэх боломжгүй гэдгийг анхаарна уу. Визийн мэдүүлэгт зориулж бүрдүүлсэн бичиг баримтаа өгч, төлбөрөө төлөх ба Таны визийн мэдүүлгийн зорилгын талаар ЭСЯ-ны ажилтан асуувал хариулах үүрэгтэй. Түүнчлэн энэ үеэр Таны хурууны хээг авна.

Визийн мэдүүлгийг шийдвэрлэх

ЭСЯ визийн мэдүүлгийг шалган шийдвэр гаргахдаа эрх зүйн шалгуурыг хангаж байгаа эсэхийг хянаж үзнэ. Бүрэн гүйцэд бүрдүүлсэн үндэсний визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд оршин суух зорилгоос хамаарч 3 сар хүртэлх хугацаа шаардлагатай. Визийн мэдүүлгийн шийдвэр гармагц ЭСЯ-наас утсаар мэдэгдэнэ. Визийн мэдүүлгийг боловсруулж байх хугацаанд явцын талаарх асуултад гуравдагч этгээдэд мэдээлэл өгөх боломжгүй. Зөвхөн виз мэдүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч эсхүл виз мэдүүлэгчээс бичгээр итгэмжлэгдсэн хүнд мэдээлэл өгнө.

Паспорт буцаан авах

Таны визийн мэдүүлгийг шийдвэрлэмэгц ЭСЯ-наас утсаар мэдэгдэх болно. Зарчмын хувьд та паспортаа өөрийн биеэр ирж авах ёстой. Өөрөө биечлэн авах боломжгүй тохиолдолд паспортаа авахуулахаар итгэмжлэгдсэн бие төлөөлөгчид үүрэг даалгавар өгч болно. Үүний тулд та доорх итгэмжлэлийг виз мэдүүлэхдээ өгсөн байх хэрэгтэй.

итгэмжлэлийн маягт
 

Таны визийн мэдүүлгийг татгалзсан бол дэлгэрэнгүй тайлбар бичгээр өгнө. Тухайн тайлбарт татгалзсан хариу авсан тохиолдолд хэрхэх талаар эрх зүйн зааварчилгаа мөн бичигдсэн байгаа.

Танд шинээр виз мэдүүлэх боломж хэзээд байгаа. Шинээр өгөх визийн мэдүүлгийг бүрэн гүйцэд, утга агуулгын хувьд ойлгомжтой тайлбар гэх мэт эерэг шийдвэр гаргаж болохуйц баримт бичгүүдийн хамтаар өгөх хэрэгтэй. 

Аян замдаа сайн яваарай!

Паспортаа авахдаа анхаарах зүйлс:

Танд олгосон визийн наалт дээрх бичвэрүүд зөв эсэхийг заавал шалгаарай. Ялангуяа эцэг эхийн ба өөрийн нэр, эхлэх дуусах хугацаа, байх хоногийн тоо, хилээр нэвтрэх тоо болон паспортын дугаар зэрэг нь зөв бичигдсэн эсэхийг сайтар шалгана уу. Ямар нэгэн тоо, хугацаа, нэр буруу байх аваас нэн даруй ЭСЯ-ны ажилтанд мэдэгдээрэй. Шалгаж нягтлаагүйгээс үүдэх хожмын үр дагавар, ямар нэгэн санхүүгийн хохирлыг ЭСЯ хариуцахгүй.
 

Германд очсоны дараа оршин суух газартаа хаягын бүртгэл (Einwohnermeldeamt) хийлгэнэ. Үүний дараа Гадаадын Иргэн Харьятын газарт (Ausländerbehörde) цаг тохирч оршин суух . ЭСЯ-наас олгосон үндэсний визээр шенгений орнуудаар аялах боломжтой.

эхлэл рүү очих